Wednesday, October 2, 2013

2. TORCH-Энгийн херпес хомхойн вирус (Herpes Simpleх Virus)-ийн халдварыг илрүүлэх, хянах аргазүй Сүүлийн жилүүдэд энгийн херпес вирусийн халдвар (HSV) хөгжиж буй болон хөгжингүй орнуудад ихэсч байна. HSV-ийн 2-р хэв шинжийн халдвар хөгжингүй орнуудад нийт жирэмсний 7.1-28.1%-д илэрдэг. Энгийн херпес вирус нь эхээс урагт дамжин халдварлахаас гадна төрлөгийн үед төрөх замаар, төрсний дараа эхийн сүүгээр, эсвэл эмч эмнэлэгийн ажилчид, гэр бүлийн гишүүдээс ахуйн хавьтлаар нярайд халдварладаг. HSV-ийн халдварыг зонхилон гэмтээж байгаа хэсгээс нь хамааруулж дараах 3 түвшинд хувааж үздэг. 1. Арьс, нүд, амны эмгэг: Нас баралт бага боловч 38% орчимд мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэлтэй. 2. Төв мэдрэлийн системийн эмгэг: Арьс, нүд, амны өөрчлөлт илэрсэн болон илрээгүй тохиолдолд үүссэн энцефалит, 3. Тархмал хэлбэрийн эмгэг: Нярайд тохиолдох хамгийн хүнд хэлбэр бөгөөд нярайн 90% нь энддэг. HSV-ийн халдвар микроцефали, гепатоспленомегали, ураг өсөлтгүй болох зэрэг эмгэг үүсгэнэ. Жирэмсний сүүлийн 3 сард анхдагч халдвар авсан тохиолдолд нярайд халдвар дамжих эрсдэл 30-50%-тай байна. Жирэмсний үед дахилтат хэлбэрийн халдвар илэрвэл урагт дамжих эрсдэл харьцангуй бага боловч төрөх замаар нярайд халдвар дамжих эрсдэл өндөр байдаг. Бэлэг эрхтэний хомхойн шалтгаан ихэнхдээ HSV-ийн 2-р хэв шинж байдаг боловч сүүлийн жилүүдэд HSV-ийн 1-р хэв шинжийн халдварын шалтгаантай бэлгийн хомхой нэмэгдэж байна. Жирэмсэн үеийн HSV-ийн халдвар нь дараах хэлбэртэй. Үүнд: • Урьд нь HSV-ийн халдвар авч байгаагүй эмэгтэй (HSV-1, 2 хэв шинжийн эсрэгбие сөрөг буюу ийлдэс сөрөг) жирэмсэн үедээ HSV-ийн 1, 2-р хэв шинжийн халдвар авбал анхдагч халдвар гэнэ. • Урьд нь халдвар авч байсан буюу HSV-ийн 1, 2-р хэв шинжийн эсрэгбие эерэг (ийлдэс эерэг) эмэгтэй жирэмсэн үедээ эмнэлзүйн шинж анх удаа тод илэрвэл идэвхжсэн халдвар буюу халдвар дахих гэнэ. • Урьд халдвар авч байсан, эмнэлзүйн илрэл илэрч байсан эмэгтэй жирэмсний явцад халдвар дахин илэрвэл дахилтат халдвар гэнэ. Жирэмсэн эхэд HSV-ийн халдвар илрүүлэх бүдүүвч: 1. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор HSV-1, 2 хэв шинж өвөрмөц IgM, IgG-ийг тодорхойлно. 2. Хэрвээ шинжилгээний хариу IgG сөрөг, IgM эсрэгбие сөрөг бол эх халдваргүй гэж үнэлэх ба халдвараас сэргийлэх арга хэмжээг зөвлөж, бэлгийн хавьтагчид нь HSV-ийн халдвартай илэрсэн бол жирэмсний 32-34 долоо хоногтойд дээрх шинжилгээг давтан хийнэ. 3. Хэрвээ IgG эерэг IgM сөрөг бол эх жирэмслэхээс өмнө халдвар авсан буюу эхээс урагт дамжих эрсдэл байхгүй боловч төрөх замаар халдвар дамжих эрсдэлийн талаар зөвлөгөө өгнө. 4. Жирэмсний сүүлийн хугацаанд дахилтат хэлбэрийн халдвар илэрч, шархлаат тууралт гарсан тохиолдолд нярайг халдвараас сэргийлэх зорилгоор эхэд зөвлөгөө өгч төрөлтийг кесар хагалгаа хийж удирдана. 5. Хэрвээ IgG сөрөг IgM эерэг бол шинжилгээг 7-10 хоногийн дараа давтан шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. Давтан шинжилгээгээр зөвхөн IgM эерэг гарвал хуурамч эерэг хариу буюу эх халдваргүй гэж үнэлнэ. Харин IgG эерэг IgM эерэг гарвал анхдагч халдвар гэж үнэлнэ. Авах арга хэмжээ: • Бэлгийн хамтрагч нь урьд нь халдвартай нь тогтоогдсон тохиолдолд жирэмсэн эмэгтэйд халдвар дамжих эрсдэлээс сэргийлэх зорилгоор бэлгэвч хэрэглэхийг зөвлөх, • Дахилтат хэлбэрийн халдварыг баталсан тохиолдолд жирэмсний 36 долоо хоногтойгоос ацикловир, валацикловир эмээр урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ. Энэ нь кесар хагалгаа хийх заалтыг бууруулна. Дээрх шинжилгээг 1-р эмнэлгийн хойно, UBH төвийн 4 давхарт UBH Нэгдсэн лабораторид хийж байна. Лавлах утас: 99086430

No comments:

Post a Comment