Wednesday, October 2, 2013
3. Улаанууд вирусийн (Rubella) халдварыг илрүүлэх, хянах аргазүй
Дэлхийн олон улс оронд улаануудын вирусийн халдварын тархалт өндөр хувьтай байдаг ажээ. Одоогийн байдлаар улаанууд өвчнөөс шалтгаалсан төрөлхийн хөгжлийн гажиг ойролцоогоор 100.000-200.000 тохиолдол бүртгэгдээд байна.
Насанд хүрэгсдэд улаануудын вирусийн халдвар харьцангуй хөнгөн явцтай байдаг боловч эхээс урагт дамжсан халдварын нөлөөгөөр ургийн гаж хөгжил, ураг аяндаа зулбах, ургийн халдвар, амьгүй төрөлт, ургийн өсөлт саатах зэрэг үүснэ. Үүнээс гадна төрөлхийн халдвартай нярайн 60-75%-д сонсголын гажиг, мэдрэхүйн мэдрэлийн гаралтай дүлийрэл, 10-20%-д, уушгины артерийн нарийсал, артерийн цоргоны эмгэг, ховдол хоорондын таславчийн гажиг зэрэг зүрхний гажиг, 10-25%-д ретинопати, нүдний болор цайх, микрофталмиа, төрөлхийн нүдний даралт ихсэх зэрэг нүдний гажиг, 18-30%-д оюуны хомсдол, микроцефали, менингоенцефалит, тромбоцитопени, гепатоспленомегали, ясны үрэвсэл зэрэг шинж илэрнэ. Харин хүүхдэд хожуу илрэх шинж тэмдэгүүд нь чихрийн шижин, бамбай булчирхайн үрэвсэл, өсөлтийн дааврын дутагдал, зан төрхийн өөрчлөлт зэрэг юм.
Улаануудын халдвар жирэмсний эхний 3 сартайд илэрсэн тохиолдолд ургийн халдвар үүсэх эрсдэл нь 80% байдаг бол жирэмсний 2 дахь гурван сартайд 25%, жирэмсний сүүлийн гурван сард (27-30 дахь долоо хоногт) 35% байдаг байна. Харин жирэмсний хожуу үед буюу 36 дахь долоо хоногт эх халдвар авсан бол 100% урагт халдварлах аюултай. Ургийн төрөлхийн гажиг үүсэх эрсдэл нь:
• жирэмсний 11 дэх долоо хоногоос өмнө халдвар авсан тохиолдолд 90%
• 11-12 долоо хоногт 33%
• 13-14 долоо хоног 11%
• 15-16 долоо хоног 24%
• 16 долоо хоногоос хойш 0% болж буурдаг.
Төрөлхийн улаануудын хам шинж үүсэх эрсдэл жирэмсэний 20 долоо хоног хүртэл хугацаанд өндөр байдаг бол ургийн өсөлт саатах эрсдэл нь жирэмсэний сүүлийн 3 сард халдвар авсантай холбоотой байж болно. Жирэмсэн эмэгтэйн дархлаа чадамж, вакцин хийлгэсэн эсэхээс ургийн халдвар үүсэх эрсдэл хамаарна. Жирэмсний эхний 16 долоо хоногийн дотор Rubella IgG, IgM тодорхойлно.
Жирэмсэн эхэд улаанууд вирусийн халдвар илрүүлэх бүдүүвч:
Хэрэв жирэмсэн эмэгтэй улаанууд өвчнөөр өвчлөх эсвэл улаанууд төст эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол тухайн эхийн жирэмсний хугацаа, дархлаа чадамжаас хамааран жирэмслэлтийн явцыг шийднэ. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор Rubella IgG, IgM тодорхойлно.
1. Жирэмсний 12 дахь долоо хоногоос өмнө халдвар авсан буюу (урьд нь дархлаажуулалтанд хамрагдсан бол) IgG эсрэгбиеийн титр өндөр, IgM сөрөг бол эх улаануудын халдвараар дахин халдварласан гэж үзнэ. Энэ тохиолдолд эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байж жирэмслэлтийн явцыг шийдвэрлэнэ.
2. Жирэмсний 12 дахь долоо хоногоос хойш халдвар авсан тохиолдолд (урьд нь дархлаажуулалтанд хамрагдсан бол) нэмэлт шинжилгээ шаардлагагүй. Өмнө нь улаануудын дархлаажуулалтанд хамрагдаагүй, дархлаа суларсан жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсэний явцыг шийдвэрлэнэ.
3. Жирэмсний 12-16 дахь долоо хоног хүртэлх хугацаанд Rubella IgG, IgM эерэг илэрвэл эх шинээр улаанууд вирусээр халдварласныг илтгэнэ. Зөвхөн IgM эерэг бол цочмог халдвар гэж үзнэ. Хэрэв IgM сөрөг эсвэл босго хэмжээнд тодорхойлогдвол өвчний ид үе болон эдгэрлийн үед IgM-ийг давтан тодорхойлно. Улаанууд төст шинж тэмдэг бүхий жирэмсэн эмэгтэйд Rubella IgM сөрөг илэрвэл 2-3 долоо хоногийн дараа давтан шинжлэх шаардлагатай.
4. Жирэмсний 16-20 дахь долоо хоногт улаанууд вирусийн халдвар илэрсэн дархлаажуулалтанд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүд нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байж жирэмслэлтийн явцыг шийдвэрлэнэ.
5. Жирэмсний 20 дахь долоо хоногоос хойш улаанууд өвчин болон улаанууд төст шинж тэмдэг илэрсэн үед Rubella IgG, IgM тодорхойлж онош тодруулах шаардлагатай.
6. Дархлаажуулалтанд хамрагдсан эсэх нь тодорхойгүй үед жирэмсэн эмэгтэйд улаанууд төст шинж тэмдэг илрэн, тууралт эхлэснээс 5 долоо хоног буюу түүнээс хойш IgG сөрөг гарвал урьд өмнө нь улаануудын халдвараар өвчлөөгүйг илтгэнэ. Харин IgG эерэг илэрвэл урьд нь өвчилж байсаныг илтгэнэ. Гэхдээ халдвар авсан хугацаа болон урагт халдвар дамжсан эсэхийг тодорхойлоход хүндрэлтэй учир IgM, IgG тодорхойлох шинжилгээг давтан хийх зайлшгүй шаардлагатай.
Ургийн улаануудын халдварыг илрүүлэх бүдүүвч:
1. Инвазив арга: Пренатал үед ургийн халдварыг хорионы цэлмэнгээс шинжлэгдэхүүн авч ПГУ шинжилгээгээр тодорхойлно. Мөн амнионы шингэнээс шинжлэгдэхүүн авч шинжилж болно. Жирэмсний 10-12 дахь долоо хоногт хорионы цэлмэнгээс, жирэмсэний 14-16 долоо хоногт ургийн усны шинжилгээ, 18-20 долоо хоногт ургийн цуснаас шинжлэгдэхүүн авч тодорхойлно.
2. Инвазив бус арга: Хэт авиан оношлогоогоор ургийн өсөлтийн саатал, ургийн гажгийг тодорхойлно.
Урьдчилан сэргийлэлт: Төрөлхийн улаанууд хам шинжээс сэргийлэх хамгийн найдвартай арга нь улаануудын халдвараар өвчлөөгүй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах юм.
Зөвлөмж: Жирэмсэн эхэд улаануудын халдвар илэрвэл жирэмсний хугацааг нарийн тооцон жирэмсэн эмэгтэйд зөвлөгөө өгнө. Улаануудын эсрэг дархлаажуулалтыг жирэмсэн үед зөвлөхгүй бөгөөд харин төрсний дараа нэмэлтээр хийлгэж болно. Дархлаажуулалтанд хамрагдаад удаагүй байхдаа жирэмсэн болсон, жирэмсний эхний гурван сартайд дархлаажуулалтанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйд төрөлхийн улаанууд хам шинж үүсэх эрсдэл бага. Сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах хүсэлтэй эмэгтэйчүүд Rubella IgG, IgM тодорхойлуулсны дараа дархлаажуулалтанд хамрагдаж болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment