Wednesday, October 2, 2013
4. Жирэмсэн эмэгтэйчүүдэд Toxoplasma gondii-гийн халдварыг илрүүлэх, хянах аргазүй
АНУ-д жил бүр 5000 нярай төрөлхийн токсоплазмын халдвартай төрдөг. Төрөх үед ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй боловч төрсний дараа нэг сараас эхний нэг жилийн дотор уг өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. T.gondii-гийн халдвар нь бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, дутуу боловсруулсон хоол хүнс, ус, муур бусад гэрийн амьтдаар дамжин халдварлана.
T.gondii-гийн цочмог халдварын үед бие сулрах, ядрах, бага зэрэг халуурах, тунгалгийн булчирхай томрох зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Ховор тохиолдолд жирэмсэн эмэгтэй токсоплазмозийн цочмог халдвар эсвэл халдвар эргэн идэвхжих үед нүдний торлогийн үрэвсэл үүсч харааны үйл ажиллагааны алдагдал үүсдэг. Эхээс урагт T.gondii-ийн халдвар дамжих, ургийн гажиг үүсэх нь жирэмсний хугацаанаас шууд хамаарна. Жирэмсний эрт үед халдварлавал ургийн гажиг үүсэх эрсдэл их байдаг бол хожуу үед төрөлхийн халдвар үүсэх эрсдэл нэмэгддэг. Тухайлбал, жирэмсэний 12 долоо хоногт халдвар авбал 3-9%-д төрөлхийн халдвар үүсгэх бол 34-85%-д ургийн гажиг үүсгэдэг байна. Харин жирэмсэний 36 долоо хоногт халдвар авахад төрөлхийн халдвар 60-81%-д үүсдэг ба ургийн гаж хөгжил 4-17%-д үүсдэг байна.
Жирэмсэн эхэд T.gondii-ийн халдвар илрүүлэх бүдүүвч:
1. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор T.gondii-ийн IgG, IgM тодорхойлно. Хэрвээ IgM эерэг илэрвэл шинэ халдвар авсныг илтгэх ба хяналтын лабораторит илгээж халдварын хугацааг нарийвчлан тодорхойлно.
2. Батлах шинжилгээнд өндөр барьцаал чанартай IgG эсрэгбие илрүүлэх шинжилгээг жирэмсний 16 долоо хоногтойд хийнэ.
Ургийн халдварыг илрүүлэх бүдүүвч: T.gondii-ийн эхийн халдвараас 7 долоо хоногийн дараа буюу ургийн хөгжлийн 21 долоо хоногоос хойш ургийн халдварыг илрүүлэх боломжтой.
1. Инвазив арга: Жирэмсэн эх T.gondii-ийн анхдагч болон дахилтат хэлбэрийн халдвартай нь батлагдсан тохиолдолд жирэмсний 21 долоо хоногтойд амниоцинтез хийж ургийн шингэнд T.gondii-ийн ДНХ-г тоон аргаар илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын шинжилгээ хийнэ. Шинжилгээний дүн эерэг байгаа тохиолдолд ураг халдварласан гэж үнэлнэ. Боломжтой тохиолдолд ургийн шингэнд цитомегаловирус өсгөвөрлөх шинжилгээ хийж оношыг баталгаажуулна.
2. Инвазив бус арга: Амниоцинтез шингэнд T.gondii-ийн ургийн халдвар батлагдвал 2-4 долоо хоног тутамд, халдвар батлагдаагүй бол 4-6 долоо хоног тутамд ургийн хэт авиан шинжилгээ хийж хянана.
Авах арга хэмжээ: Жирэмсний 18 долоо хоногтойд болон түүнээс хойш хугацаанд ургийн халдвар амнионы шингэнд хийсэн ПГУ-ийн шинжилгээгээр батлагдсан тохиолдолд үүсгэгчийн эсрэг пириметамин, спирамицин, сульфадиазин болон фолийн хүчлийн эмчилгээг хийнэ.
ХДХВ ба ДОХ-той жирэмсэн эмэгтэйд T.gondii-ийн халдвар хүнд явцтай /жишээлбэл энцефалит, уушигны үрэвсэл гэх мэт/ байдаг ба урагт халдвар дамжих эрсдэл өндөр.
• CD4 эс нь 200 эс/мм3 -аас бага, T.gondii-ийн халдвар эерэг илэрсэн үед триметоприм-сульфаметокзолийн эмчилгээг зөвлөнө. Энэхүү эмчилгээ нь уушгины үрэвсэл, токсоплазмийн халдвар урагт дамжихаас сэргийлдэг. Триметопримийг жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно. Энэ нь фолийн хүчил үүсэлтийг саатуулах нөлөөтэй.
• CD4 эс нь 200 эс/мм3-аас олон, ХДХВ-ийн халдваргүй, дархлаа хэвийн жирэмсэн эмэгтэйчүүдэд спирамицины эмчилгээг зөвлөнө.
• Хэрэв жирэмсэн эмэгтэй ХДХВ-ийн халдвартай бол ургийн шингэнд хатгалт хийхийг хориглоно. Учир нь урагт ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлтэй.
Зөвлөмж: T.gondii-ийн хориоретинитээр өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдвар авсан хугацааг ийлдэс судлалын шинжилгээгээр тодорхойлж нүдний үрэвсэл болон урагт халдвар дамжихаас сэргийлэх эмчилгээг хийн жирэмслэлтийг шийдвэрлэнэ.
T.gondii-н халдвартай, жирэмслэхээр төлөвлөж байгаа нөхөн үржихүйн насны эмэгтэйг ийлдэс судлалын шинжилгээний аргаар оношилж шинэ халдвар авсан бол 6 сар хүртэл хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөнө.
Урьдчилан сэргийлэлт:
• Дутуу боловсруулсан хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх,
• Утсан, лаазалсан, хатаасан, шүүрхий мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх,
• Гараа сайтар угааж хэвших болон мах бэлтгэдэг мод, аяга таваг, савыг бээлий өмсөн сайтар угаах, арьсны ил шарханд хүргэхээс зайлсхийх,
• Мал нядалгааны газарт ажилладаг бол халдвар авахаас сэргийлэх,
• Муурны ялгадсаар бохирдсон эд материал, хог хаягдал зэрэгт хүрэлцэхээс зайлхийх, бохирлогдсон эд зүйлсийг цэвэрлэх үед бээлий өмсөх
• Жимс, ногоог хэрэглэхээс өмнө заавал угааж занших,
• Ундны усыг шимэгчийн өндөгөөр халдварлагдахаас сэргийлэх,
Дээрх шинжилгээг 1-р эмнэлгийн хойно, UBH төвийн 4 давхарт UBH Нэгдсэн лабораторид хийж байна. Лавлах утас: 99086430
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment