Wednesday, October 2, 2013

4. Жирэмсэн эмэгтэйчүүдэд Toxoplasma gondii-гийн халдварыг илрүүлэх, хянах аргазүй АНУ-д жил бүр 5000 нярай төрөлхийн токсоплазмын халдвартай төрдөг. Төрөх үед ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй боловч төрсний дараа нэг сараас эхний нэг жилийн дотор уг өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. T.gondii-гийн халдвар нь бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, дутуу боловсруулсон хоол хүнс, ус, муур бусад гэрийн амьтдаар дамжин халдварлана. T.gondii-гийн цочмог халдварын үед бие сулрах, ядрах, бага зэрэг халуурах, тунгалгийн булчирхай томрох зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Ховор тохиолдолд жирэмсэн эмэгтэй токсоплазмозийн цочмог халдвар эсвэл халдвар эргэн идэвхжих үед нүдний торлогийн үрэвсэл үүсч харааны үйл ажиллагааны алдагдал үүсдэг. Эхээс урагт T.gondii-ийн халдвар дамжих, ургийн гажиг үүсэх нь жирэмсний хугацаанаас шууд хамаарна. Жирэмсний эрт үед халдварлавал ургийн гажиг үүсэх эрсдэл их байдаг бол хожуу үед төрөлхийн халдвар үүсэх эрсдэл нэмэгддэг. Тухайлбал, жирэмсэний 12 долоо хоногт халдвар авбал 3-9%-д төрөлхийн халдвар үүсгэх бол 34-85%-д ургийн гажиг үүсгэдэг байна. Харин жирэмсэний 36 долоо хоногт халдвар авахад төрөлхийн халдвар 60-81%-д үүсдэг ба ургийн гаж хөгжил 4-17%-д үүсдэг байна. Жирэмсэн эхэд T.gondii-ийн халдвар илрүүлэх бүдүүвч: 1. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор T.gondii-ийн IgG, IgM тодорхойлно. Хэрвээ IgM эерэг илэрвэл шинэ халдвар авсныг илтгэх ба хяналтын лабораторит илгээж халдварын хугацааг нарийвчлан тодорхойлно. 2. Батлах шинжилгээнд өндөр барьцаал чанартай IgG эсрэгбие илрүүлэх шинжилгээг жирэмсний 16 долоо хоногтойд хийнэ. Ургийн халдварыг илрүүлэх бүдүүвч: T.gondii-ийн эхийн халдвараас 7 долоо хоногийн дараа буюу ургийн хөгжлийн 21 долоо хоногоос хойш ургийн халдварыг илрүүлэх боломжтой. 1. Инвазив арга: Жирэмсэн эх T.gondii-ийн анхдагч болон дахилтат хэлбэрийн халдвартай нь батлагдсан тохиолдолд жирэмсний 21 долоо хоногтойд амниоцинтез хийж ургийн шингэнд T.gondii-ийн ДНХ-г тоон аргаар илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын шинжилгээ хийнэ. Шинжилгээний дүн эерэг байгаа тохиолдолд ураг халдварласан гэж үнэлнэ. Боломжтой тохиолдолд ургийн шингэнд цитомегаловирус өсгөвөрлөх шинжилгээ хийж оношыг баталгаажуулна. 2. Инвазив бус арга: Амниоцинтез шингэнд T.gondii-ийн ургийн халдвар батлагдвал 2-4 долоо хоног тутамд, халдвар батлагдаагүй бол 4-6 долоо хоног тутамд ургийн хэт авиан шинжилгээ хийж хянана. Авах арга хэмжээ: Жирэмсний 18 долоо хоногтойд болон түүнээс хойш хугацаанд ургийн халдвар амнионы шингэнд хийсэн ПГУ-ийн шинжилгээгээр батлагдсан тохиолдолд үүсгэгчийн эсрэг пириметамин, спирамицин, сульфадиазин болон фолийн хүчлийн эмчилгээг хийнэ. ХДХВ ба ДОХ-той жирэмсэн эмэгтэйд T.gondii-ийн халдвар хүнд явцтай /жишээлбэл энцефалит, уушигны үрэвсэл гэх мэт/ байдаг ба урагт халдвар дамжих эрсдэл өндөр. • CD4 эс нь 200 эс/мм3 -аас бага, T.gondii-ийн халдвар эерэг илэрсэн үед триметоприм-сульфаметокзолийн эмчилгээг зөвлөнө. Энэхүү эмчилгээ нь уушгины үрэвсэл, токсоплазмийн халдвар урагт дамжихаас сэргийлдэг. Триметопримийг жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно. Энэ нь фолийн хүчил үүсэлтийг саатуулах нөлөөтэй. • CD4 эс нь 200 эс/мм3-аас олон, ХДХВ-ийн халдваргүй, дархлаа хэвийн жирэмсэн эмэгтэйчүүдэд спирамицины эмчилгээг зөвлөнө. • Хэрэв жирэмсэн эмэгтэй ХДХВ-ийн халдвартай бол ургийн шингэнд хатгалт хийхийг хориглоно. Учир нь урагт ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлтэй. Зөвлөмж: T.gondii-ийн хориоретинитээр өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдвар авсан хугацааг ийлдэс судлалын шинжилгээгээр тодорхойлж нүдний үрэвсэл болон урагт халдвар дамжихаас сэргийлэх эмчилгээг хийн жирэмслэлтийг шийдвэрлэнэ. T.gondii-н халдвартай, жирэмслэхээр төлөвлөж байгаа нөхөн үржихүйн насны эмэгтэйг ийлдэс судлалын шинжилгээний аргаар оношилж шинэ халдвар авсан бол 6 сар хүртэл хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөнө. Урьдчилан сэргийлэлт: • Дутуу боловсруулсан хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх, • Утсан, лаазалсан, хатаасан, шүүрхий мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, • Гараа сайтар угааж хэвших болон мах бэлтгэдэг мод, аяга таваг, савыг бээлий өмсөн сайтар угаах, арьсны ил шарханд хүргэхээс зайлсхийх, • Мал нядалгааны газарт ажилладаг бол халдвар авахаас сэргийлэх, • Муурны ялгадсаар бохирдсон эд материал, хог хаягдал зэрэгт хүрэлцэхээс зайлхийх, бохирлогдсон эд зүйлсийг цэвэрлэх үед бээлий өмсөх • Жимс, ногоог хэрэглэхээс өмнө заавал угааж занших, • Ундны усыг шимэгчийн өндөгөөр халдварлагдахаас сэргийлэх, Дээрх шинжилгээг 1-р эмнэлгийн хойно, UBH төвийн 4 давхарт UBH Нэгдсэн лабораторид хийж байна. Лавлах утас: 99086430
3. Улаанууд вирусийн (Rubella) халдварыг илрүүлэх, хянах аргазүй Дэлхийн олон улс оронд улаануудын вирусийн халдварын тархалт өндөр хувьтай байдаг ажээ. Одоогийн байдлаар улаанууд өвчнөөс шалтгаалсан төрөлхийн хөгжлийн гажиг ойролцоогоор 100.000-200.000 тохиолдол бүртгэгдээд байна. Насанд хүрэгсдэд улаануудын вирусийн халдвар харьцангуй хөнгөн явцтай байдаг боловч эхээс урагт дамжсан халдварын нөлөөгөөр ургийн гаж хөгжил, ураг аяндаа зулбах, ургийн халдвар, амьгүй төрөлт, ургийн өсөлт саатах зэрэг үүснэ. Үүнээс гадна төрөлхийн халдвартай нярайн 60-75%-д сонсголын гажиг, мэдрэхүйн мэдрэлийн гаралтай дүлийрэл, 10-20%-д, уушгины артерийн нарийсал, артерийн цоргоны эмгэг, ховдол хоорондын таславчийн гажиг зэрэг зүрхний гажиг, 10-25%-д ретинопати, нүдний болор цайх, микрофталмиа, төрөлхийн нүдний даралт ихсэх зэрэг нүдний гажиг, 18-30%-д оюуны хомсдол, микроцефали, менингоенцефалит, тромбоцитопени, гепатоспленомегали, ясны үрэвсэл зэрэг шинж илэрнэ. Харин хүүхдэд хожуу илрэх шинж тэмдэгүүд нь чихрийн шижин, бамбай булчирхайн үрэвсэл, өсөлтийн дааврын дутагдал, зан төрхийн өөрчлөлт зэрэг юм. Улаануудын халдвар жирэмсний эхний 3 сартайд илэрсэн тохиолдолд ургийн халдвар үүсэх эрсдэл нь 80% байдаг бол жирэмсний 2 дахь гурван сартайд 25%, жирэмсний сүүлийн гурван сард (27-30 дахь долоо хоногт) 35% байдаг байна. Харин жирэмсний хожуу үед буюу 36 дахь долоо хоногт эх халдвар авсан бол 100% урагт халдварлах аюултай. Ургийн төрөлхийн гажиг үүсэх эрсдэл нь: • жирэмсний 11 дэх долоо хоногоос өмнө халдвар авсан тохиолдолд 90% • 11-12 долоо хоногт 33% • 13-14 долоо хоног 11% • 15-16 долоо хоног 24% • 16 долоо хоногоос хойш 0% болж буурдаг. Төрөлхийн улаануудын хам шинж үүсэх эрсдэл жирэмсэний 20 долоо хоног хүртэл хугацаанд өндөр байдаг бол ургийн өсөлт саатах эрсдэл нь жирэмсэний сүүлийн 3 сард халдвар авсантай холбоотой байж болно. Жирэмсэн эмэгтэйн дархлаа чадамж, вакцин хийлгэсэн эсэхээс ургийн халдвар үүсэх эрсдэл хамаарна. Жирэмсний эхний 16 долоо хоногийн дотор Rubella IgG, IgM тодорхойлно. Жирэмсэн эхэд улаанууд вирусийн халдвар илрүүлэх бүдүүвч: Хэрэв жирэмсэн эмэгтэй улаанууд өвчнөөр өвчлөх эсвэл улаанууд төст эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол тухайн эхийн жирэмсний хугацаа, дархлаа чадамжаас хамааран жирэмслэлтийн явцыг шийднэ. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор Rubella IgG, IgM тодорхойлно. 1. Жирэмсний 12 дахь долоо хоногоос өмнө халдвар авсан буюу (урьд нь дархлаажуулалтанд хамрагдсан бол) IgG эсрэгбиеийн титр өндөр, IgM сөрөг бол эх улаануудын халдвараар дахин халдварласан гэж үзнэ. Энэ тохиолдолд эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байж жирэмслэлтийн явцыг шийдвэрлэнэ. 2. Жирэмсний 12 дахь долоо хоногоос хойш халдвар авсан тохиолдолд (урьд нь дархлаажуулалтанд хамрагдсан бол) нэмэлт шинжилгээ шаардлагагүй. Өмнө нь улаануудын дархлаажуулалтанд хамрагдаагүй, дархлаа суларсан жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсэний явцыг шийдвэрлэнэ. 3. Жирэмсний 12-16 дахь долоо хоног хүртэлх хугацаанд Rubella IgG, IgM эерэг илэрвэл эх шинээр улаанууд вирусээр халдварласныг илтгэнэ. Зөвхөн IgM эерэг бол цочмог халдвар гэж үзнэ. Хэрэв IgM сөрөг эсвэл босго хэмжээнд тодорхойлогдвол өвчний ид үе болон эдгэрлийн үед IgM-ийг давтан тодорхойлно. Улаанууд төст шинж тэмдэг бүхий жирэмсэн эмэгтэйд Rubella IgM сөрөг илэрвэл 2-3 долоо хоногийн дараа давтан шинжлэх шаардлагатай. 4. Жирэмсний 16-20 дахь долоо хоногт улаанууд вирусийн халдвар илэрсэн дархлаажуулалтанд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүд нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байж жирэмслэлтийн явцыг шийдвэрлэнэ. 5. Жирэмсний 20 дахь долоо хоногоос хойш улаанууд өвчин болон улаанууд төст шинж тэмдэг илэрсэн үед Rubella IgG, IgM тодорхойлж онош тодруулах шаардлагатай. 6. Дархлаажуулалтанд хамрагдсан эсэх нь тодорхойгүй үед жирэмсэн эмэгтэйд улаанууд төст шинж тэмдэг илрэн, тууралт эхлэснээс 5 долоо хоног буюу түүнээс хойш IgG сөрөг гарвал урьд өмнө нь улаануудын халдвараар өвчлөөгүйг илтгэнэ. Харин IgG эерэг илэрвэл урьд нь өвчилж байсаныг илтгэнэ. Гэхдээ халдвар авсан хугацаа болон урагт халдвар дамжсан эсэхийг тодорхойлоход хүндрэлтэй учир IgM, IgG тодорхойлох шинжилгээг давтан хийх зайлшгүй шаардлагатай. Ургийн улаануудын халдварыг илрүүлэх бүдүүвч: 1. Инвазив арга: Пренатал үед ургийн халдварыг хорионы цэлмэнгээс шинжлэгдэхүүн авч ПГУ шинжилгээгээр тодорхойлно. Мөн амнионы шингэнээс шинжлэгдэхүүн авч шинжилж болно. Жирэмсний 10-12 дахь долоо хоногт хорионы цэлмэнгээс, жирэмсэний 14-16 долоо хоногт ургийн усны шинжилгээ, 18-20 долоо хоногт ургийн цуснаас шинжлэгдэхүүн авч тодорхойлно. 2. Инвазив бус арга: Хэт авиан оношлогоогоор ургийн өсөлтийн саатал, ургийн гажгийг тодорхойлно. Урьдчилан сэргийлэлт: Төрөлхийн улаанууд хам шинжээс сэргийлэх хамгийн найдвартай арга нь улаануудын халдвараар өвчлөөгүй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах юм. Зөвлөмж: Жирэмсэн эхэд улаануудын халдвар илэрвэл жирэмсний хугацааг нарийн тооцон жирэмсэн эмэгтэйд зөвлөгөө өгнө. Улаануудын эсрэг дархлаажуулалтыг жирэмсэн үед зөвлөхгүй бөгөөд харин төрсний дараа нэмэлтээр хийлгэж болно. Дархлаажуулалтанд хамрагдаад удаагүй байхдаа жирэмсэн болсон, жирэмсний эхний гурван сартайд дархлаажуулалтанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйд төрөлхийн улаанууд хам шинж үүсэх эрсдэл бага. Сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах хүсэлтэй эмэгтэйчүүд Rubella IgG, IgM тодорхойлуулсны дараа дархлаажуулалтанд хамрагдаж болно.
2. TORCH-Энгийн херпес хомхойн вирус (Herpes Simpleх Virus)-ийн халдварыг илрүүлэх, хянах аргазүй Сүүлийн жилүүдэд энгийн херпес вирусийн халдвар (HSV) хөгжиж буй болон хөгжингүй орнуудад ихэсч байна. HSV-ийн 2-р хэв шинжийн халдвар хөгжингүй орнуудад нийт жирэмсний 7.1-28.1%-д илэрдэг. Энгийн херпес вирус нь эхээс урагт дамжин халдварлахаас гадна төрлөгийн үед төрөх замаар, төрсний дараа эхийн сүүгээр, эсвэл эмч эмнэлэгийн ажилчид, гэр бүлийн гишүүдээс ахуйн хавьтлаар нярайд халдварладаг. HSV-ийн халдварыг зонхилон гэмтээж байгаа хэсгээс нь хамааруулж дараах 3 түвшинд хувааж үздэг. 1. Арьс, нүд, амны эмгэг: Нас баралт бага боловч 38% орчимд мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэлтэй. 2. Төв мэдрэлийн системийн эмгэг: Арьс, нүд, амны өөрчлөлт илэрсэн болон илрээгүй тохиолдолд үүссэн энцефалит, 3. Тархмал хэлбэрийн эмгэг: Нярайд тохиолдох хамгийн хүнд хэлбэр бөгөөд нярайн 90% нь энддэг. HSV-ийн халдвар микроцефали, гепатоспленомегали, ураг өсөлтгүй болох зэрэг эмгэг үүсгэнэ. Жирэмсний сүүлийн 3 сард анхдагч халдвар авсан тохиолдолд нярайд халдвар дамжих эрсдэл 30-50%-тай байна. Жирэмсний үед дахилтат хэлбэрийн халдвар илэрвэл урагт дамжих эрсдэл харьцангуй бага боловч төрөх замаар нярайд халдвар дамжих эрсдэл өндөр байдаг. Бэлэг эрхтэний хомхойн шалтгаан ихэнхдээ HSV-ийн 2-р хэв шинж байдаг боловч сүүлийн жилүүдэд HSV-ийн 1-р хэв шинжийн халдварын шалтгаантай бэлгийн хомхой нэмэгдэж байна. Жирэмсэн үеийн HSV-ийн халдвар нь дараах хэлбэртэй. Үүнд: • Урьд нь HSV-ийн халдвар авч байгаагүй эмэгтэй (HSV-1, 2 хэв шинжийн эсрэгбие сөрөг буюу ийлдэс сөрөг) жирэмсэн үедээ HSV-ийн 1, 2-р хэв шинжийн халдвар авбал анхдагч халдвар гэнэ. • Урьд нь халдвар авч байсан буюу HSV-ийн 1, 2-р хэв шинжийн эсрэгбие эерэг (ийлдэс эерэг) эмэгтэй жирэмсэн үедээ эмнэлзүйн шинж анх удаа тод илэрвэл идэвхжсэн халдвар буюу халдвар дахих гэнэ. • Урьд халдвар авч байсан, эмнэлзүйн илрэл илэрч байсан эмэгтэй жирэмсний явцад халдвар дахин илэрвэл дахилтат халдвар гэнэ. Жирэмсэн эхэд HSV-ийн халдвар илрүүлэх бүдүүвч: 1. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор HSV-1, 2 хэв шинж өвөрмөц IgM, IgG-ийг тодорхойлно. 2. Хэрвээ шинжилгээний хариу IgG сөрөг, IgM эсрэгбие сөрөг бол эх халдваргүй гэж үнэлэх ба халдвараас сэргийлэх арга хэмжээг зөвлөж, бэлгийн хавьтагчид нь HSV-ийн халдвартай илэрсэн бол жирэмсний 32-34 долоо хоногтойд дээрх шинжилгээг давтан хийнэ. 3. Хэрвээ IgG эерэг IgM сөрөг бол эх жирэмслэхээс өмнө халдвар авсан буюу эхээс урагт дамжих эрсдэл байхгүй боловч төрөх замаар халдвар дамжих эрсдэлийн талаар зөвлөгөө өгнө. 4. Жирэмсний сүүлийн хугацаанд дахилтат хэлбэрийн халдвар илэрч, шархлаат тууралт гарсан тохиолдолд нярайг халдвараас сэргийлэх зорилгоор эхэд зөвлөгөө өгч төрөлтийг кесар хагалгаа хийж удирдана. 5. Хэрвээ IgG сөрөг IgM эерэг бол шинжилгээг 7-10 хоногийн дараа давтан шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. Давтан шинжилгээгээр зөвхөн IgM эерэг гарвал хуурамч эерэг хариу буюу эх халдваргүй гэж үнэлнэ. Харин IgG эерэг IgM эерэг гарвал анхдагч халдвар гэж үнэлнэ. Авах арга хэмжээ: • Бэлгийн хамтрагч нь урьд нь халдвартай нь тогтоогдсон тохиолдолд жирэмсэн эмэгтэйд халдвар дамжих эрсдэлээс сэргийлэх зорилгоор бэлгэвч хэрэглэхийг зөвлөх, • Дахилтат хэлбэрийн халдварыг баталсан тохиолдолд жирэмсний 36 долоо хоногтойгоос ацикловир, валацикловир эмээр урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ. Энэ нь кесар хагалгаа хийх заалтыг бууруулна. Дээрх шинжилгээг 1-р эмнэлгийн хойно, UBH төвийн 4 давхарт UBH Нэгдсэн лабораторид хийж байна. Лавлах утас: 99086430
Эхээс урагт дамждаг халдварыг (ToRCH) халдварыг илрүүлэх, хянах шинжилгээний удирдамж Боловсруулсан: ЭМЯ-ны дэргэдэх Дархлаа, Харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөл Баянголмед групп Эхээс урагт дамждаг халдвар, ялангуяа ToRCH (Toxoplasma gondii, Others, Rubella, Cytomegalovirus, Herpes simplex virus) гэж нэрлэх халдварын анхдагч халдварын үед ургийн гаж хөгжил, ургийн эндэгдэл, оюуны хомсдол үүсэх, эрсдэл их байдаг бол жирэмсэн эхийн халдвар идэвхжих нь төрөлхийн халдвартай хүүхэд төрөх улмаар хөгжлийн гажиг, оюуны хоцрогдол үүсгэдэг болохыг судлаачид нэгэнт тогтоогоод байна. Энэхүү удирдамж нь эхээс урагт дамждаг ToRCH халдварыг жирэмсэн эмэгтэйчүүдэд илрүүлэх, халдварын эрсдэлийг үнэлэх зорилготой бөгөөд Токсоплазмын халдвар, улаануудын халдвар (Rubella), цитомегаловирус, хомхойн вирус (Herpes simplex virus)- ийн халдварыг илрүүлэх аргазүйг тодорхойлсон дараах бүтэцтэй юм. Үүнд: • ToRCH халдварыг илрүүлэх лабораторийн шинжилгээний аргазүй • Лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн халдварын явцыг үнэлэх аргазүй, авах арга хэмжээг халдвар тус бүрээр тодорхойлсон болно. 1. Цитомегаловирусийн халдварыг (CMV) илрүүлэх, хянах аргазүй Цитомегаловирусийн халдвар нь эхээс урагт дамждаг халдварын зонхилох хувийг эзлэх бөгөөд нийт амьд төрөлтийн 0.2-2.2%-д илэрдэг. Уг халдвар нь мэдрэхүйн мэдрэлийн гаралтай сонсгол алдалт болон оюуны хомсдолын голлох шалтгаан болдог. Цитомегаловирусийн халдвар ихэнхдээ эмнэлзүйн ямар нэг өвөрмөц шинж тэмдэггүй явагддаг. Цитомегаловирусийн анхдагч халдвар болон дахин идэвхжсэн халдвар эхээс урагт дамжих эрсдэл өндөр бөгөөд анхдагч халдварын тохиолдлын 30-40% эхээс урагт дамждаг бол дахин идэвхжсэн халдварын 70% нь дамжих эрсдэлтэй байдаг ажээ. Урагт халдвар дамжсан тохиолдолд 10-15%-д амьгүй эсвэл гепатоспленомегали, микроцефали, петехи, эмгэг шарлалт, хориоретинит, тромбоцитопени, цус багадалтын шинжтэй төрөх ба эдгээр эмгэгтэй хүүхдүүдийн 20-30% нь цус түгээмлээр бүлэгнэх хам шинж, элэгний үйл ажиллагааны алдагдал, нянгийн хавсарсан халдварын улмаас нас бардаг. Цитомегаловирусийн төрөлхийн халдварын 85-90% нь төрөх үедээ өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй боловч 5-15% нь мэдрэхүйн мэдрэлийн гаралтай сонсгол алдалт, сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол, харааны өөрчлөлтүүд илэрдэг. Цитомегаловирусийн халдварыг илрүүлэхдээ жирэмсэн эхийн захын цусны ийлдсэнд CMV IgM, CMV IgG эсрэгбиеийг фермент холбоот урвалаар (EIA-enzyme immune assay) тодорхойлно. Жирэмсэн эхэд цитомегаловирусийн халдвар илрүүлэх бүдүүвч: 1. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор CMV IgG болон CMV IgM эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийнэ. Хэрвээ шинжилгээний хариу: 2. CMV IgG сөрөг CMV IgM сөрөг бол эх халдваргүй гэж үнэлэх ба халдвараас сэргийлэх талаар зөвлөж, жирэмсэний 24, 30 дахь долоо хоногт халдварыг тандах шинжилгээг давтан хийлгэх зөвлөгөө өгнө. 3. Хэрвээ CMV IgG эерэг CMV IgM сөрөг бол эх жирэмслэхээс өмнө халдвар авсан буюу ийлдэс өвөрмөц дархлаа тогтсон. 4. Хэрвээ CMV IgG сөрөг CMV IgM эерэг бол шинжилгээг 7-10 хоногийн дараа давтан хийлгэхийг зөвлөнө. Давтан шинжилгээгээр зөвхөн CMV IgM эерэг гарвал хуурамч эерэг хариу буюу эх халдваргүй гэж үнэлнэ. Харин CMV IgG эерэг CMV IgM эерэг гарвал анхдагч халдвар гэж үзэх ба эхийг жирэмсний 16 долоо хоногийн дотор CMV IgG, CMV IgM-ийн титр болон CMV IgG-ийн барьцаал чанарын индекс тодорхойлох шинжилгээнд илгээж халдварыг үнэлнэ. 5. Хэрвээ CMV IgM эерэг, барьцаал чанарын индекс 30-аас бага бол анхдагч халдвар гэж үзнэ. Энэ тохиолдолд халдвар урагт дамжих эрсдэл болон ургийн гаж хөгжил үүсэх болон бусад хүндрэлийн талаар эхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. 6. Хэрвээ CMV IgM илэрсэн эсэхээс үл хамааран CMV IgG–ийн титр ихсэх (4 дахин ба түүнээс их) болон барьцаал чанарын индекс 60-аас дээш байгаа тохиолдолд дахилтат халдвар гэж үнэлнэ. Дахилтат халдварын үед эхээс урагт дамжих эрсдэл харьцангуй бага боловч гарч болох эрсдэлийг эхэд таниулан зөвлөнө. Мөн дахилтат халдвар нийт төрөлхийн халдварын ихэнх хувийг (ойролцоогоор 75%) эзэлдэгийг анхаарах хэрэгтэй. Ургийн халдварыг илрүүлэх бүдүүвч: Цитомегаловирусийн анхдагч болон дахилтат халдварыг жирэмсэн эхэд баталсанаас хойш 7 долоо хоногийн дараа буюу ургийн хөгжлийн 21 долоо хоногоос хойш ургийн халдварыг дараах аргар илрүүлэх боломжтой. 1. Инвазив арга: Жирэмсэн эх цитомегаловирусийн анхдагч болон дахилтат хэлбэрийн халдвартай нь батлагдсан тохиолдолд жирэмсний 21 долоо хоногтойд амниоцинтез хийж, ургийн шингэнд CMV-ийн ДНХ-ийг тоон аргаар илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын шинжилгээ хийнэ. Шинжилгээний дүн эерэг байгаа тохиолдолд ураг халдварласан гэж үзнэ. Боломжтой тохиолдолд ургийн шингэнд цитомегаловирус өсгөвөрлөх шинжилгээ хийж оношийг баталгаажуулна. 2. Инвазив бус арга: Ургийн хэт авиан шинжилгээ: Ургийн шингэнд хийсэн шинжилгээгээр цитомегаловирусийн ургийн халдвар батлагдсан тохиолдолд 2-4 долоо хоног тутам, халдвар батлагдаагүй бол 4-6 долоо хоног тутамд ургийн хэт авиан шинжилгээ хийж хянана. 3. Амниоцинтез хийгээгүй байсан ч ургийн хэт авиан оношлогоог жирэмсэний 21 долоо хоногтойд хийнэ. Цитомегаловирусийн халдварын улмаас урагт дараах эмгэг түгээмэл илэрдэг. • Ураг амьгүй болох • Тархины вентрикуломегали • Микроцефали • Интракраниал кальцификаци • Асцит/плеврийн эффузи • Ургийн гидроф • Олигоамниос/полиамниос • Ургийн хэвлийн эхо ойлт ихсэх • Элэгний кальцификаци Ургийн хэт авиан шинжилгээнд ямар нэг эмгэг илрэхгүй байх нь халдварыг бүрэн үгүйсгэж чадахгүйг анхаарна. Авах арга хэмжээ: Цитомегаловирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Ургийн халдвар батлагдаж, ургийн гаж хөгжил илэрсэн тохиолдолд эх эцэгтэй зөвлөж, зөвшөөрсөн тохиолдолд жирэмснийг таслах арга хэмжээ авна. Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө: Жирэмслэхээр төлөвлөж байгаа нөхөн үржихүйн насны эмэгтэйг ийлдэс судлалын шинжилгээний аргаар оношлож, халдвар саяхан авсан болох нь тогтоогдвол (CMV IgM+, IgG+, барьцаал чанар <30) 6 сар хүртэл хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөнө. Урьдчилан сэргийлэх: • Эрүүл ахуйн дэглэм сайтар баримтлах; • Эмнэлгийн болон хүүхдийн байгууллагад ажилладаг жирэмсэн эмэгтэйд CMV IgG, IgM илрээгүй ч жирэмсний явцад байнга хянах; • Бага насны хүүхэдтэй жирэмсэн эмэгтэйд CMV IgG, IgM илрээгүй ч жирэмсний явцад байнга хянах

Thursday, September 26, 2013

Wellbeing of WOMEN Centre Бидний зорилго: Охид болон нөхөн үржихүйн бүх насны эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, арьс гоо сайхны мэдээлэл, сургалт, зөвлөгөө, үйлчилгээг өндөр чадавхи, туршлагатай эмч мэргэжилтнүүд, сэтгэл зүйчдийн тусламжтайгаар цогц, чанартай, үйлчлүүлэгчийг дээдэлсэн зарчмын дагуу үзүүлэхэд оршино. Зөвлөгөө дараах сэдвүүдээр: эрүүл жирэмслэлт, бэлгийн эрүүл мэнд, цэвэршилтийн үеийн эрүүл мэнд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд гэх мэт. Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт явагдаж байна: Таны заавал мэдэх дараах сэдвүүд заагдана: • Жирэмсэн эмэгтэйчүүдийн заавал хийх ёстой дасгал, хөдөлгөөнүүд (эрт зулбах, төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх) • Ургийн хүчилтөрөгчийн хангамж, цусны эргэлтийг сайжруулах иогийн дасгалууд • Хүүхдийн тархины даралт эмгэг үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? • Жирэмсэн эхийн зөв зохистой хооллолт • Жирэмсэн болон хөхүүл үед ямар нэмэлт бүтээгдэхүүн, витамин хэрэглэх ёстой вэ? • Арьсны арчилгаа, гэдэс язрахаас сэргийлэх • Жирэмсэн эхийн амны хөндийн ариун цэврийн дэглэм • Жирэмсэн үед болон төрсний дараа хэрхэн хөхөө арчлан, хагарахаас хэрхэн урьдчилэн сэргийлэх вэ? • Жирэмсний үед гарч болох хүндрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? • Төрөх үе, төрөлтийн явцыг тайлбарлах • Өвдөлтгүй, урагдалгүй төрөхөд нөлөөлөх дасгал хөдөлгөөн, аргачлалууд • Нярай хүүхдийн асаргаа, сувилгаа • Төрсний дараах үед эхийн асаргаа сувилгаанд хэрхэн анхаарах вэ? • Төрсний дараах биед гарах өөрчлөлт • Шавхрага гэж юу болох талаар/оёдолтой эхчүүдийн эрүүл ахуйн дэглэм • Төрсний дараах сэтгэл зүйн зөвлөгөө • 0-5 настай хүүхдийн асаргаа сувилгаа, зөв хооллолт Сургалтын хуваарь: • Даваа-Баасан гаригт 17:00-20:00, • Бямба, Ням гаригт 11:00-15:00 Ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь: Солонгос улсад үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх хамгийн чанартай эмнэлэгт зуучлалын төлбөргүй зуучлана. Жирэмсний эрт болон хожуу үеийн вирус, бактер, эгэл биетний халдварыг иммунологийн аргаар оношилж байна. Гадаадад мэргэшсэн, гадаадад эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлээр ажиллаж байсан, Монголдоо энэ чиглэлээр 20-иод жил ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд сургалт, зөвлөгөө үйлчилгээг үзүүлж байна. Холбоо барих хаяг: • Wellbeing of Women Centre, 4р хорооллын бичлийн замд, Монгол Мед эмнэлэг, 302 тоот Бяцхан гүнж эмнэлэг Утас: 99230127, 99298720 Дээрх шинжилгээг 1-р эмнэлгийн хойно, UBH төвийн 4 давхарт UBH Нэгдсэн лабораторид хийж байна. Лавлах утас: 99086430
TORCH шинжилгээ гэж юу вэ? Жирэмсэн эхийн халдварлаж болох халдварт өвчнүүд нь ургийн гаж хөгжил болон ураг эндэх эрсдэлд хүргэдэг доорх халдварт өвчний үүсгэгчдийг илрүүлэх шинжилгээг хэлдэг. TORCH гэдэг нь дараах үгнүүдийн товчилсон үгс юм. Toxoplasma gondii (toxoplasmosis)- шимэгч хорхой бөгөөд халдвартай муурны өтгөнөөр бохирдсон эд зүйлсд хүрэх, ариутгаагүй сүү уух, дутуу боловсруулсан мах идэх зэрэг замаар халдварладаг байна. Жирэмсний эрт үед халдварласан тохиолдолд эрт зулбах эрсдэлтэй. Жирэмсний хожуу үедээ халдвар авсан бол ургийн нүдний халдвар болон оюуны хомсдол үүсэх аюултай. Other- Бусад халдварт нь Parvovirus B19 болон varicella zoster virus бүслүүр үлдний вирус, улаанууд вирус (chicken pox)ын халдварууд багтдаг. Rubella (German Measles)-Энэ вирусаар жирэмсний эхний үед халдварласан тохиолдолд ургийн гаж хөгжил болох зүрхний гажиг, өсөлт хөгжлийн дутагдал болон нүдний гажиг үүсдэг байна. Энэ нь мөн хүүхдийн сонсголын эмгэг дүлийрэл үүсэх нөлөөлдөг. Cytomegalovirus (CMV)- Энэ вирус нь хүний биеийн шүүрлүүд болох хөхний сүү, эсвэл бэлгийн харилцаагаар халдварладаг байна. Энэ вирусаар халдварласан тохиолдолд ураг эндэх, дүлий болох оюуны хомсдолд хүргэдэг. Herpes simplex virus (HSV)- энэхүү вирус нь амны хомхой болон бэлгийн хомхой гэмж нэрлэгддэг. Энэхүү вирусын халдвар нярайг төрөх үед халдварлаж болно. Энэхүү вирусын халдвараас болоод нярай эндэж болно. Syphilis (Treponema pallidum) – Тэмбүүгийн бактер нь ургийн эндэл болон төрөнгүүтээ нярай эндэх зэрэг шалтгаан болдог. Эмчилгээ аваагүй хүүхэд биеийн хөгжил хоцрогдох болон, эд эрхтний гажгууд үүсч нас барах эрсдэлтэй. Дээрх шинжилгээг 1-р эмнэлгийн хойно, UBH төвийн 4 давхарт UBH Нэгдсэн лабораторид хийж байна. Лавлах утас: 99086430